ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ СУРГАЛТЫН БОДЛОГО

Онцгой байдлын ерөнхий газрын даргын
2016 оны …дугаар сарын …-ны өдрийн
…дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ СУРГАЛТЫН БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл 1.1.Онцгой байдлын албаны сургалтын бодлого нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журам, Хүний нөөцийн бодлогод үндэслэн онцгой байдлын албан хаагчдыг ажлын байранд сургаж бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг мөн.
Хоёр.Сургалтын бодлогын зорилго,
баримтлах зарчим
2.1. Сургалтын бодлогын зорилго
Онцгой байдлын алба хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж, хөгжүүлэх тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
2.2.Сургалтын бодлогын зарчим
2.2.1.Хууль, эрх зүйн үндэслэлтэй байх: Сургалт бэлтгэлийг албанд мөрдөж буй хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хүрээнд явуулна.
2.2.2.Шинжлэх ухааны үндэстэй байх: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг судалгаа, тооцоонд үндэслэн байгууллагын зорилтын хүрээнд боловсруулж, орчин үеийн техник, технологи, инновацийг өргөнөөр ашиглана.
2.2.3.Бодитой байх: Сургалт бэлтгэлийг байгууллагын хөгжил, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшин, цаг үеийн нөхцөл байдал, төсөв хөрөнгийн боломжид тулгуурлан явуулна.
2.2.4.Уян хатан байх: Сургалт бэлтгэлийг бие бүрэлдэхүүний ажил мэргэжлийн онцлог, албаны ур чадвар, боловсролын түвшинг харгалзан ялгавартайгаар, төрөл бүрийн арга, хэлбэрээр явуулна.
2.2.5.Тасралтгүй байх: Сургалт бэлтгэлийг албан хаагчдыг ажлын байранд төлөвлөгөөтэйгөөр албан ба албан бусаар байнга сургаж хөгжүүлнэ.
2.2.6.Түүхэн тогтолцоотой байх. Сургалт бэлтгэлийн үр дүн, ололтыг байгууллагын цаашдын бодлого, зорилттой уялдуулан төгөлдөржүүлнэ.
Гурав. Сургалтын тогтолцоо, сургалтын бодлогын үндсэн чиглэл
3.1.Онцгой байдлын албаны сургалтын тогтолцоо нь:  Албан хаагчдад мэргэжлийн боловсрол олгох сургалт  Албан хаагчдыг мэргэшүүлэх болон давтан сургалт  Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл гэсэн сургалтаас бүрдэнэ.
3.2.Сургалтын бодлогын үндсэн чиглэл
3.2.1.Сургалтын стандарт, хүрсэн байх түвшинг тодорхойлох
3.2.2.Алба хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, аливаа бүтээлч санаачлагыг дэмжих
3.2.3.Гамшгаас хамгаалах болон албаны сургалтын сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах
3.2.4.Сургалтын нэгдсэн төв, бүсийн болон зайн сургалтын танхимуудыг байгуулж, материаллаг баазыг бэхжүүлэх
3.2.5.Сургалтын нэгдсэн сан бүрдүүлж ашиглах
Дөрөв. Онцгой байдлын албаны сургалтын бодлого
4.1.Сургалтын хөтөлбөр, стандарт, хүрсэн байх түвшинг тодорхойлох үндсэн чиглэлийн хүрээнд сургалтын талаарх үндсэн бичиг баримт болох сургалт бэлтгэлийн ерөнхий журам, зохион байгуулах заавар, хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт, шалгаж үнэлэх заавар, норм, нормативуудыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.
4.1.1.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлээр хүрсэн байх мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, сэтгэл зүйн түвшин, бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан мөрдүүлнэ.
4.1.2.Сургалт бэлтгэлийг зохион байгуулах удирдамжийг тухайн жилд байгууллагын өмнө тавигдсан зорилт, гамшгийн нөхцөл байдлын дүн мэдээг үндэслэн тухай бүр шинэчлэн тодотгоно.
4.1.3.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх зааврыг боловсруулан мөрдөж, сургалт бэлтгэлийн үр дүнд жил бүр дүн шинжилгээ хийнэ.
4.1.4.Албан хаагчдад мэргэжлийн зэрэг олгох, ахиулах журмыг боловсруулан батлуулж, албан хаагчдын суралцах идэвхийг өрнүүлж ажиллана.
Хүрэх үр дүн.
Сургалтын талаарх удирдлагын баримт бичиг, дүрэм журам, эрх зүйн актууд сургалтын зарчимд тулгуурлагдан шинээр боловсруулан батлагдаж, албаны сургалт бэлтгэлийг шинэ шатанд гаргах үндсэн суурь бий болно. Бие бүрэлдэхүүнд мэргэжлийн зэрэг олгож, зэрэглэл тогтоосноор албан хаагчдын албаны хариуцлага, мэдлэг, мэргэжлийн ур чадвар нь дээшилж албандаа мэргэших боломж нь нэмэгдэнэ.
4.2.Албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, аливаа бүтээлч санаачлагыг дэмжих үндсэн чиглэлийн хүрээнд онцгой байдлын байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалт, бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, мэргэжлийн боловсрол олгох, мэргэшүүлэх, давтан сургалтын чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.2.1.Байгууллагын өөрчлөлт, хөгжил, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги зорилт, хүний нөөцийн бодлого, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлно. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхдээ албан хаагчдын ажлын туршлага, ажилласан жил, албан тушаалын ангилал зэргийг харгалзана.
4.2.2.Сургалтыг гадаад дотоодын их, дээд сургууль, холбогдох мэргэжлийн байгууллага болон Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг түшиглэн зохион байгуулна.
4.2.3.Онцгой байдлын албаны сургалт бэлтгэлийн тогтолцоог байгууллагын өөрчлөлт, хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.2.4.Анги, байгууллага бүр тасралтгүй суралцаж, мэдлэг, чадвар бий болгох явдлыг дэмжих, ажлын байрны орчинг суралцаж, хөгжих боломжоор бүрдүүлэн суралцах шинэ арга барилыг идэвхтэй ашиглана.
Хүрэх үр дүн.
Албан хаагч-хувь хүний мэдлэг, чадвар, туршлагыг байгууллагын мэдлэг, чадвар, туршлага болгон хөгжүүлсэнээр суралцагч байгууллага болон хөгжинө.
Ингэснээр албаны бэлтгэл, бэлэн байдал, зохион байгуулалт сайжирч, гамшгийн нөхцөл байдал, үүссэн цагийн байдлыг зөв үнэлэн шийдвэр гаргах, албан үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ.
4.3.Гамшгаас хамгаалах болон албаны сургалт бэлтгэлийн сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах үндсэн чиглэлийн хүрээнд онцгой байдлын албанд олон жил ажилласан, гамшгаас хамгаалах онолын болон практик дадлага туршлагатай албан хаагчдыг сонгон шалгаруулж, сургагч багш бэлтгэх, чадавхжуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
4.3.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын сургалтын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, олон жил ажилласан туршлагатай албан хаагчдыг тусгай сургалтад хамруулан багшлах эрхийн үнэмлэхтэй болгоно.
4.3.2.Тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран сургагч багш бэлтгэж, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 4.3.3.Албан хаагчдын сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, стандартуудыг хэрэгжүүлэх, сургалтын заавар, зөвлөмж боловсруулах, санал өгөх, заах арга зүйн сургалтыг зохион байгуулах, зөвлөмжөөр хангах, сургалтын талаар дэвшилтэт арга технологийг судлах, нэвтрүүлэх, сургалтын үр дүнг тооцох, сургалтын асуудал хариуцсан нэгж, албан хаагчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, сургалтын чиглэлээр онол практикийн хурал, зөвөлгөөнийг зохион байгуулах чиг үүрэг бүхий Сургалт арга зүйн зөвлөлийг ажиллуулна.
Хүрэх үр дүн.
Сургалт бэлтгэлийг зохион байгуулах бүрэлдэхүүний заах арга зүйн мэдлэг, ур чадвар сайжирч, шинэлэг арга техник ашиглах идэвх санаачлага өрнөж, сургалт бэлтгэлийг шинжлэх ухаанч, онол практикт тулгуурлан, тодорхой үр дүнтэй явуулах үндэс тавигдана.
4.4.Сургалтын нэгдсэн төв, бүсийн болон зайн сургалтын танхимуудыг байгуулж, материаллаг баазыг бэхжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд албан хаагчдыг бүх талаар сурч хөгжих боломжийг хангах сургалтын гарын авлага, техник хэрэгсэл, номын сан, зайны сургалтын танхим болон нэгдсэн сургалтын төвийг байгуулж, материаллаг баазыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
4.4.1.Төв орон нутгийн онцгой байдлын газар, анги, байгууллагуудыг сургалт бэлтгэл явуулах орчин үеийн техник хэрэгслээр үе шаттайгаар хангах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
4.4.2.Сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд бүхий хотхон, талбай, болон төв орон нутгийн онцгой байдлын газар, анги, байгууллагуудад биеийн тамир-чийрэгжүүлэлтийн танхим, сэтгэлзүйн өрөө, сургалтын танхимыг байгуулж сургалтын орчин бүрдүүлнэ.
4.4.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бүсийн төвүүдэд гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, сургалтын нэгдсэн төв, зайн/цахим сургалтын танхим, номын санг байгуулж ашиглалтад оруулна.
4.4.4.Сургалт бэлтгэлийн үндсэн хичээлүүдийн сурах бичиг, гарын авлага, цахим сургалтын материал, мэргэжлийн сорилын эмхэтгэл зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг үе шаттайгаар боловсруулан гаргана.
Хүрэх үр дүн.
Сургалт бэлтгэлийн материаллаг бааз сайжирч, шаардлагатай ном, сурах бичиг, гарын авлагаар хангагдсанаар бие бүрэлдэхүүний бие дааж суралцах боломж, идэвх санаачлага нэмэгдэн сургалт бэлтгэлийн үр өгөөж дээшлэн, албандаа хандах хандлага сайжирна.
Бүсийн төвийн болон цахим сургалтын орчинг бүрдүүлснээр төвлөрсөн сургалтын зардал багасна.
4.5.Сургалтын нэгдсэн сан бүрдүүлж ашиглах үндсэн чиглэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн мэдээллийн сантай уялдсан сургалтын мэдээллийн нэгдсэн сан, цахим орчинг бүрдүүлж албан хаагч бүр хүртээмжтэйгээр ашиглах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.5.1.Байгууллагын хүний нөөцийн мэдээллийн сантай уялдсан сургалтын мэдээллийн санг бүрдүүлж ашиглалтад оруулна.
4.5.2.Сургалтын мэдээллийн санг сургуулийн жилийн удирдамж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан хөгжүүлж, албан хаагч бүрт нээлттэй, хүртээмжтэйгээр ажиллуулна.
4.5.3.Сургалтын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, Сургалт арга зүйн зөвлөлийн гишүүд мэдээллийн технологийн өндөр мэдлэг эзэмшиж, сургалтын талаар гадаад, дотоодын сургууль, байгууллагын дэвшилтэт арга технологийг судлах, нэвтрүүлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлнэ.
4.5.4.Сургалт бэлтгэлийн үр дүнг мэдээллийн санг ашиглан гаргаж, сургалт бэлтгэлийг сайжруулах, боловсронгуй болгох санал дүгнэлтийг боловсруулна.
Хүрэх үр дүн.
Байгууллагын хүний нөөцийн бодлого болон сургалтын бодлогын хэрэгжилт нэгдсэн мэдээллийн сантай уялдсанаар албан хаагчдыг сургаж хөгжүүлэх явц шударга, нээлттэй болно. Сургалтын бүртгэл, тооцоо тодорхой болж, статистик үзүүлэлт бүхий үр дүн нь байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах хөшүүрэг болно.
Тав. Сургалтын бодлогын хэрэгжилт
5.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын сургалтын асуудал хариуцсан нэгж сургалтын бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлага арга зүйн зөвлөмжөөр хангаж, нэгдсэн дүнг гаргаж, үр дүнг тооцон ажиллана.
5.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь энэхүү бодлогыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, төрийн захиргааны удирдлагаар манлайлан ажиллана.
5.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгжийн газар, хэлтсүүд үндсэн чиг үүргийн хүрээнд сургалтын бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч сургалтын асуудал хариуцсан нэгжтэй хамтран хэрэгжүүлнэ.
5.4. Төв, орон нутгийн онцгой байдлын газар, анги, байгууллага нь сургалтын бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үндсэн нэгж бөгөөд, сургалтын бодлогыг үйл ажиллагаандаа баримталж ажиллана.
——-оОо———
Онцгой байдлын ерөнхий газрын даргын
2016 оны …дугаар сарын …-ны өдрийн
…дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулахад чиглэгдэнэ.
1.2.Онцгой байдлын алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, тэднийг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах, сургалт бэлтгэлийн үр дүнг тооцох, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмаар зохицуулна.
1.4.“Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл” гэж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад хуулиар хүлээсэн “Гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх” үндсэн үүргийг биелүүлэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг бие бүрэлдэхүүнд эзэмшүүлэх, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдал, жигдрэлтийг хангахад чиглэгдсэн зохион байгуулалттай, тодорхой зорилго, чиглэл бүхий цогц үйл ажиллагааг хэлнэ.
1.5.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл нь /цаашид сургалт бэлтгэл гэх/ төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албаны бэлтгэл, гамшгийн нөхцөлд гүйцэтгэх бэлэн байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн.
1.6.Сургалт бэлтгэлийг дараах зарчимд тулгуурлан явуулна. Үүнд:
-Шинжлэх ухааны үндэстэй байх;
-Тодорхой зорилго чиглэлтэй байх;
-Гамшгаас хамгаалах үндсэн үүргийг биелүүлэхэд шаардлагатай бүхэнд сургах;
-Үүсч болзошгүй гамшгийн цагийн байдалд ойртуулсан байх;
-Суралцагчдын ухамсартай, санаачлагатай, бүтээлч, бие даасан байдалд тулгуурлах;
-Дэс дараалалтай, иж бүрэн (цогцолбор), хөнгөнөөс хүнд рүү шилжиж байх;
-Идэвхтэй, тасралтгүй, оновчтой байх;
-Нийт албан хаагчдад хүртээмжтэй байх;
-Ёс зүй, хүмүүжлийн нөлөөтэй байх;
-Байнга шинэчлэгдэж боловсрогдож байх.
Хоёр. Сургалт бэлтгэлийн тогтолцоо
2.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн тогтолцоо нь албан ба албан бус сургалтын нэгдэл байх бөгөөд алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох, мэргэшүүлэх болон давтан сургах, хөгжүүлэх гэсэн үндсэн төрлүүдээс бүрдэнэ.
2.2.Албаны сургалт бэлтгэлийг бүтэц, хамрах хүрээ, зориулалт, үе шатаар нь ангилна.
-Бүтцээр нь: хүн нэг бүрийн, анги салбарын, газар хэлтсийн, штабын бэлтгэл;
-Хамрах хүрээгээр нь: дагнасан (газар, хэлтэс, анги, байгууллагын), хамтарсан, нэгдсэн;
-Зориулалтаар нь: албаны бэлтгэл, гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл (олон талт үүргийн бэлтгэл);
-Үе шатаар нь: сургуулийн жилийн эхний хагас -I үе, сүүлийн хагас –II үе.
2.3.Хүн нэг бүрийн бэлтгэлийг бүтцээр нь: офицерын, ахлагчийн; сургалтын хэлбэрээр нь: онолын, дадлагын, бие даалтын гэж ангилна.
2.4.Анги салбар, газар хэлтсийн бэлтгэл нь алба хаагчдын багаар ажиллах ур чадвар, гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэх, анги, байгууллага, салбарын жигдрэлт, харилцан ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
2.5.Штабын бэлтгэлээр: Онцгой байдлын удирдах албан тушаалтны үйл ажиллагааг штабын албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэхэд бэлтгэх, сургалт бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх, гамшгийн нөхцөл байдалд нийцсэн хамгийн оновчтой шийдвэрийг богино хугацаанд боловсруулж, бүтээлчээр хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлнэ.
2.5.1.Штабын бэлтгэлийг масштабаар нь: тактикийн, оперативын; хамрах хүрээгээр нь: хэсэгчилсэн, хамтарсан буюу нэгдсэн; сургалтын хэлбэрээр нь: -штабын дадлага, команд штабын сургууль, иж бүрэн сургууль гэж ангилна.
2.5.2.Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагад штабын бэлтгэлийг дарга, захирагч удирдаж, газрын орлогч, штабын дарга төлөвлөж, зохион байгуулна.
2.6.Офицер, ахлагч нарын сургалт нь тэдэнд албан тушаалын үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ, томилгоот үүргийг гүйцэтгэх, бие биенээ орлон ажиллах, нэг шат дээгүүр албан тушаалын үүргийг хариуцан биелүүлэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэх ба албан тушаал, ажилласан жил, боловсролын түвшингээр нь ялгавартай зохион байгуулна.
2.7.Албаны бэлтгэлээр “Гамшгаас хамгаалах тухай” Монгол Улсын хуулиар хүлээсэн үндсэн үүргийг гамшгийн нөхцөл байдлын ямар ч тохиолдолд амжилттай биелүүлэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшүүлж, анги, байгууллага, салбарын жигдрэлт, харилцан ажиллагааг хангана.
2.8.Гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл болон олон талт үүргийн бэлтгэл нь Гамшгаас хамгаалах тухай болон Батлан хамгаалах бусад хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх үндсэн үүрэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэгдэнэ.
2.9. Онцгой байдлын албаны сургуулийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Сургуулийн жилийн эхний хагас -I үе нь 01 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ныг хүртэл, сүүлийн хагас –II үе нь 09 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааг тус тус хамарна.
2.10.Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын офицер, ахлагч, энгийн албан хаагчид 7 хоног бүр 1 өдөр хичээллэнэ. Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа 6 цаг, 1 цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут байна.
2.11. Заах арга зүйн сургалтыг офицер, ахлагч сургагч багш нарт сургалтын онол, заах арга зүй, сургалт бэлтгэлийн зохион байгуулалт, сургалтыг удирдаж явуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сурган зааварлах, үзүүлэх болон нээлттэй хичээл, зааварчилга өгөх аргаар жил бүр зохион байгуулна. Удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн бэлтгэлийг сургуулийн жилийн өмнө Удирдах ажилтны цугларалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагад заах арга зүйн бэлтгэлийг сургуулийн жилийн өмнө Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, тасаг, ангийн штабаас зохион явуулна.
2.12. Албан бус сургалт гэж өдрөөр болон эчнээгээр, зайны болон мэдээлэл холбооны технологид суурилсан /онлайн/ сургалтын уламжлалт ба шинэлэг арга хэлбэр, хэрэгслийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх цогц үйл ажиллагааг хэлнэ.
2.12.1.Албан бус сургалтын агуулга, хамрах хүрээ нь алба хаагчийн мэдлэг мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, амьдрах чадвараа хадгалах, бие даан хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.
2.12.2.Алба хаагчийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар болон төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэрийг үндэслэн албан бус сургалтад хамруулна. Тухайн албан хаагчийн эзэмшсэн мэдлэг, суралцсан цаг, хангасан хөтөлбөр, мэргэжлийг гэрчилсэн баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-т үндэслэн албан бус сургалтын үр дүнг тооцно.
Гурав. Сургалт бэлтгэлийн хичээл, түүний агуулга
3.1. Сургуулийн жилд офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд “Гамшгийн менежмент”, “Аюулгүй байдал, эрх зүйн үндэс”, “Эрүүл мэнд-сэтгэл зүйн бэлтгэл”, “Биеийн тамирын бэлтгэл”, “Ёс зүйн хүмүүжил”, “Цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл”, “Гадаад хэлний бэлтгэл”, “Тусгай бэлтгэл” зэрэг хичээл явагдана.
3.2. Хичээлийг сургуулийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, сургалтын цагийн ачааллын 40 хүртэл хувийг онолоор, 60 хүртэл хувийг дадлагаар суралцуулна.
3.3. Хичээлийн агуулга:
3.3.1.“Гамшгийн менежмент” хичээлээр офицер бүрэлдэхүүнд гамшгийн менежментийн онолын үндэс, эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн нөхцөл байдлын үед анги, салбарыг удирдах арга тактик, орчин үеийн гамшгийн менежментийн хөгжлийн чиг хандлага, түүхэн сургамж, амьд гарах арга ухаан, холбоо мэдээллийн болон цэргийн байр зүйн мэдлэг эзэмших агуулгыг;
3.3.2. “Аюулгүй байдал, эрх зүйн үндэс” хичээлээр Монгол Улсын Аюулгүй байдлын орчин, Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалах салбарын багц хуулиуд, Гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн үндэс, удирдлагын баримт бичгүүдийг судлах агуулгыг;
3.3.3. “Эрүүл мэнд-сэтгэл зүйн бэлтгэл” хичээлээр албан хаагчдад эрүүл мэндийн болон амьдралын зөв хэвшил олгох, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай
сэтгэл зүйн бэлтгэл олгох төдийгүй гамшгийн аюулаас аварсан хүндээ эмнэлгийн анхан шатны тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвар олгох, түүнчлэн алба хаагчдын бие бялдрын стандартыг хангах талаарх агуулгыг;
3.3.4. “Биеийн тамирын бэлтгэл” хичээлээр үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай бие бялдрын бэлтгэл олгож, бие хамгаалах урлаг, галын техник олон төрөлтийн болон цэрэгжлийн спортын төрлүүдэд суралцах, Зэвсэгт хүчний болон Онцгой байдлын албаны бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах талаарх агуулгыг;
3.3.5. “Цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл” хичээлээр Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдийг судлуулж, жагсаалын бэлтгэл, жигдрэлтийг хангах агуулгыг;
3.3.6. “Ёс зүйн хүмүүжил” хичээлээр алба хаагчдын ёс зүй, хувь хүнийг төлөвшүүлэх, тэдэнд эх оронч хүмүүжил, зөв хандлага олгох, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хамт олныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх агуулгыг;
3.3.7. “Тусгай бэлтгэл” хичээлээр ахлагч бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах менежментийн суурь мэдлэг, холбоо мэдээллийн болон цэргийн байр зүйн зургийн мэдлэг олгохын зэрэгцээ тэдний үндсэн ажил мэргэжлийн онцлогийг бүрэн тусгасан агуулгыг;
3.3.8. “Гадаад хэлний бэлтгэл” хичээлээр офицеруудад англи, орос хэлний анхан болон ахисан шатны, ахлагч нарт анхан шатны мэдлэг олгох /салбарын үндсэн үйл ажиллагаатай холбоотой үг, нэр томъёо, товчилсон үгсийг тайлбарлах/ агуулгыг тус тус оруулна.
3.4. Хичээлийн агуулгыг сургалт бэлтгэлийн стандартад үндэслэн хичээлийн хөтөлбөрөөр нарийвчлан тодорхойлно. Хичээлийн хөтөлбөрийг төв, орон нутгийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, тасаг, ангийн штаб боловсруулна.
3.5.Бие бүрэлдэхүүний эзэмшсэн мэдлэг, дадлага, чадвар, жигдрэлтийн түвшинг сургалт бэлтгэлийн стандарт, хичээлийн хөтөлбөрийн хүрээнд сургуулийн жилийн үе, төгсгөлийн болон хяналтын шалгалтыг “Сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”-ын дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлага шалгаж, үнэлнэ.
Дөрөв. Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн менежмент
4.1. Сургалт бэлтгэлийн менежмент гэж бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн талаар дэвшүүлсэн зорилт, тушаал, шийдвэрийн заалтуудыг биелүүлж, анги, байгууллага нь албаны болон болзошгүй гамшгийн цагийн байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийг хангахын тулд бүх шатны удирдлага, штаб, албан тушаалтнаас сургалтын үйл явцыг төлөвлөх, зохион байгуулах, шаардагдах материал, санхүүгийн нөөцийг зохицуулах, хянах чиг үүргүүдийг хэрэгжүүлж буй удирдлагын шинжлэх ухаанч үйл ажиллагааг хэлнэ.
4.2. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлага, штабаас цэргийн сургалт бэлтгэлийг удирдахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
-Онцгой байдлын албаны сургалтын бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;
-Албаны болон болзошгүй гамшгийн цагийн байдлын үед болон гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах;
-Сургалт бэлтгэлийг төлөвлөж, зохион байгуулах тухай шийдвэр гаргах;
-Сургалт бэлтгэлийг зохион байгуулах шийдвэр, төлөвлөгөөг бие бүрэлдэхүүнд цаг тухайд нь хүргэх;
-Офицер, ахлагч сургагч багш нарын заах арга зүйн бэлтгэл, нийт бие бүрэлдэхүүний суралцах арга зүйг сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх;
-Сургалт бэлтгэлийг тасралтгүй удирдлагаар хангах;
-Шинэ зорилт, үүргүүдтэй уялдуулан сургалт бэлтгэлийн стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөнд тодотгол хийх;
-Сургалт бэлтгэлийн тэргүүний арга, туршлагыг нэвтрүүлэх, сургалтын заах арга зүй, технологийг хөгжүүлэх;
-Сургалт бэлтгэлийн орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, түүнийг үр дүнтэй ашиглах;
-Сургалт бэлтгэлийн зорилго, зорилт, стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөг чанартай биелүүлэхэд нийт бие бүрэлдэхүүний идэвх санаачлагыг өрнүүлж, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх;
-Сургалт бэлтгэлтэй уялдуулан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх замаар сургалтын агуулга, судлах зүйл, арга, технологийг боловсронгуй болгох;
-Сургуулийн жилийн үе бүрийн зорилт, үүргийн биелэлтийг тодорхой дүгнэж, шинэ зорилтыг дэвшүүлэх, бий болсон саад, бэрхшээл, дутагдлыг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах.
4.3.Сургалт бэлтгэлийн менежментийг хэрэгжүүлэхийн тулд Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлага, штабаас дараах баримт бичгүүдийг боловсруулж мөрдөнө.
4.3.1.Удирдлагын баримт бичиг: – Монгол Улсын хууль, тогтоомж, Шадар сайдын тушаал, шийдвэрийн холбогдох хэсэг, Онцгой байдлын албаны сургалтын бодлого, энэхүү журам, сургуулийн жилийн удирдамж, сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар, сургалт бэлтгэлд хийх хяналт, шалгалтын ажлын удирдамж, төв, орон нутгийн онцгой байдлын газар, анги, байгууллагын дарга, захирагч нарын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай тушаал, сургалт бэлтгэлийн стандарт, сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөө, хичээл, сургууль, дадлагыг зохион байгуулах тухай удирдамж, заавар, журам, төлөвлөгөө, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх төлөвлөгөө зэрэг сургалт бэлтгэлийг төлөвлөх, суралцагчдад үүрэг хүргэх ба түүний биелэлтийг шалгахад зориулагдсан баримт бичгүүд;
4.3.2.Тайлан-мэдээллийн баримт бичиг: – хичээлийн хөтөлбөр, хуваарь, төлөвлөгөө, төв, орон нутгийн онцгой байдлын газар, анги, байгууллагын шалгалтын нотломж, улирал, хагас жилийн сургалтын мэдээ, хичээлийн бүртгэл, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх тооцоо, төлөвлөгөө, сургалт бэлтгэлийн төлөвлөлтийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хийх илтгэл, тайлан мэдээ, сургалт бэлтгэлийн ололт амжилтыг дэлгэрүүлэхэд чиглэгдсэн баримт бичгүүд;
4.3.4.Лавлах баримт бичиг- цагийн ерөнхий тооцоо, хичээл бүрийн цагийн тооцоо, хичээл, сургууль, дадлагыг явуулахад ашиглах төрөл бүрийн лавлах материал /техник, багаж хэрэгслийн тактик техникийн өгөгдөхүүн/, бүдүүвч,
тооцоо, хүснэгт, шалгуур үзүүлэлт зэрэг сургалт бэлтгэлийг төлөвлөх, удирдаж явуулах үед ашиглах баримт бичиг;
4.4.Сургуулийн жилийн удирдамжийг тухайн сургуулийн жил эхлэхээс 14 хоногийн өмнө Онцгой байдлын ерөнхий газрын сургалтын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан боловсруулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар батлуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагад хүргүүлнэ.
4.5.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагууд Онцгой байдлын албаны сургалтын бодлого, энэхүү журам, сургуулийн жилийн удирдамжийг үндэслэн бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах дарга, захирагчийн тушаал, шийдвэр, сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хичээлийн хуваарь, цаг сэдвийн задланг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
4.6.Сургалт бэлтгэл нь бие бүрэлдэхүүний болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын хүрсэн байх түвшин, хичээлийн агуулга, түүний үнэлгээ, сургалтад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон стандарттай байна.
4.7.Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн удирдлага зохион байгуулалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
4.7.1.Онцгой байдлын ерөнхий газар нь албаны болон болзошгүй гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх бодлого, зорилтыг тодорхойлж, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албаны бэлэн байдлыг хангах, оперативын түвшний хамтарсан болон нэгдсэн КШС, штабын дадлага, сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангана.
4.7.2.Онцгой байдлын ерөнхий газрын сургалтын асуудал хариуцсан нэгж нь бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн бодлогыг тодорхойлж, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын сургалт бэлтгэлийн явц, үр дүнг хянаж, мэргэжлийн удирдлагаар хангана.
4.7.3. Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нар нь сургалт бэлтгэлийн агуулга, арга зүй, технологийг боловсронгуй болгох, сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний өөрийгөө хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх ажлыг хариуцаж, сургуулийн жилийн удирдамжийн биелэлт, сургалт бэлтгэлийг зохион байгуулсан тайлан, мэдээ, дүнг сургуулийн жилийн үе бүрийн төгсгөлд болон жилийн эцэст Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар дамжуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргад танилцуулна.
4.7.4. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх тасаг, штаб нь сургалт бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, удирдан явуулах, хянах чиг үүргийг хариуцан хэрэгжүүлж, өөрийн салбар, нэгжүүдийн албаны болон гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлын үр дүнг хариуцна.
4.7.5.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх тасаг, штаб нь сургалт хариуцсан албан
тушаалтнуудыг мэргэшүүлэх, бие бүрэлдэхүүний сургалтын арга зүйг боловсонгуй болгох, сургалт бэлтгэлд тэргүүний арга, технологи, туршлагыг нэвтрүүлэх, хичээлүүдийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн конспект-төлөвлөгөөг хянаж баталгаажуулах зэрэг үүргүүдийг биелүүлнэ.
4.7.6.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын офицерууд нь хариуцсан бие бүрэлдэхүүнийхээ тусгай /мэргэжлийн/ бэлтгэлийг удирдан явуулж, хичээл заана.
4.7.7.Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагууд бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг цэргийн алба, соёл хүмүүжлийн ажилтай нягт уялдуулан зохион байгуулна.
4.8.Энэхүү журамд заагдаагүй сургалт бэлтгэлтэй холбогдсон бусад асуудлуудыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарын тушаал, шийдвэрээр зохицуулна.
Тав. Сургалт бэлтгэлийн үр дүнг тооцох
5.1.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”-ын дагуу шалгалт, шалган туслах ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцно.
5.2.Бие бүрэлдэхүүний болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, нэгжийн сургалтын ерөнхий дүн нь тухайн алба хаагчийн болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, нэгжийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх үндсэн үзүүлэлтийн нэг шалгуур нь байна.
5.3.Сургалт бэлтгэлийн дүнгээр “В”, түүнээс дээш үнэлгээтэй суралцсан алба хаагч; хариуцсан анги, байгууллага, нэгж нь “В” түүнээс дээш үнэлгээтэй шалгагдсан офицер, ахлагч нарыг сургууль, дамжаанд суралцуулах, олон улсын аврах ажиллагаа, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын сургалт, дадлагад оролцуулах асуудлыг хамгийн түрүүнд авч хэлэлцэнэ.
5.4.Онцгой байдлын ерөнхий газрын сургуулийн жилийн төгсгөлийн болон мэргэжлийн түвшин тогтоох шалгалт, ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын шалгалтаар өөрөө эсвэл хариуцсан анги, байгууллага, нэгж нь “Хангалтгүй” үнэлгээтэй шалгагдсан бол тухайн офицер, ахлагчийг албан тушаал бууруулах, цэргийн албанаас халах үндэслэл болно.
5.5.Офицер, ахлагч нарын сургалт бэлтгэлийн стандартын шаардлагыг хангаж, өөрийгөө хөгжүүлж буй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор албан хаагч бүрт сургалт бэлтгэл, мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээний дэвтэр /цахимаар байж болно/ хөтөлнө.
—–оОо——-
Онцгой байдлын ерөнхий газрын даргын
2016 оны …дугаар сарын …-ны өдрийн
…дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАЖ ҮНЭЛЭХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү зааврыг бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд хийх шалгалтын төрөл, тавигдах шаардлага, шалгаж үнэлэх үндсэн чиглэл, хүн нэг бүрийн албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадварын түвшинг шалгаж үнэлэх арга, хэлбэрийг тодорхойлоход мөрдөн ажиллана.
1.2.Онцгой байдлын ерөнхий газрын шалгалтыг ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын шалгалтыг сургуулийн жилийн I үеийн, төгсгөлийн гэж ангилна.
1.3.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн шалгалтыг албаны бэлтгэл бэлэн байдлын болон харьяа салбар нэгжийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, шалгалтаас тусад нь бие даасан байдлаар зохион байгуулна.
1.4.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын сургалт бэлтгэлийг шалгаж, үнэлэхэд тавигдах шаардлага:
-Өөрийн гүйцэтгэх үүрэг, бүтэц зохион байгуулалтад бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн хөтөлбөр, стандартыг уялдуулсан байх;
-Бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, сургалт бэлтгэлээр хүрсэн байх түвшин, салбаруудын албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийг шалгаж үнэлэхэд чиглэгдсэн байх;
-Шалгалтын арга, хэлбэр, түүнд бэлтгэх нөхцөл боломж, хугацааг сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулга, бие бүрэлдэхүүнийг сургах, суралцах арга зүйн талаас нь нарийн тооцож, боловсруулсан байх.
1.5.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх үндсэн чиглэл:
-Бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, бие бялдрын бэлтгэлийн түвшин
-Албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшин
-Сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сургуулийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн.
1.6. ОБЕГ-ын даргын нэрэмжит болон сургуулийн жилийн төгсгөлийн шалгалтад бие бүрэлдэхүүний 90-ээс доошгүй хувийг, хяналтын буюу удирдамжийн шалгалтад 60-аас доошгүй хувийг хамруулна.
1.7. ОБЕГ-ын даргын нэрэмжит болон сургуулийн жилийн төгсгөлийн, хяналтын шалгалтыг тухайн анги, байгууллагын бие бүрэлдэхүүний жагсаалын үзлэгээр эхэлж, нэгдсэн дүнгийн хурлаар дуусгана.
Хоёр. ОБЕГ-аас бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд хийх шалгалт
2.1.ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын шалгалтын зорилго нь бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшинг тодорхойлох, сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилт, стандартын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход оршино.
2.2.ОБЕГ-ын сургалтын төлөвлөгөөг үндэслэн бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд хийх шалгалтын ажлыг зохион байгуулж явуулна.
2.3.ОБЕГ-ын даргын нэрэмжит шалгалтыг 2-3 жилд, хяналтын шалгалтыг сургуулийн жилд 1 удаа ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу явуулна.
2.4.ОБЕГ-ын хяналтын шалгалтаар шалган туслах ажлыг явуулж, мэргэжлийн удирдлага, заавар зөвлөмж өгч ажиллана.
Гурав. Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлагаас бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд хийх шалгалт
3.1.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлага бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд тухайн сургуулийн жилийн удирдамж, энэхүү зааврыг үндэслэн хяналт, шалгалтыг зохион байгуулж явуулна.
3.2.Сургуулийн жилийн үе бүрийн төгсгөлд бие бүрэлдэхүүний мэдлэг, чадварын хүрсэн байх түвшин, албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшинг тогтоох, сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, биелэлтийг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийж, цаашдын чиглэл, авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, зөвлөмж гаргах зорилгоор зохион байгуулна.
3.3.Сургуулийн жилийн төгсгөлийн шалгалтыг бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, чадвар, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшинг тодорхойлох, сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилт, стандартын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор дарга, захирагчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг явуулна.
Дөрөв. Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж, өгөх үнэлгээ
4.1.Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг:
-Офицеруудын сургалт бэлтгэл,
-Ахлагч нарын сургалт бэлтгэлийг үнэлж, нэгжийн ерөнхий үнэлгээгээр дүгнэнэ.
4.2.Офицеруудын бүрэлдэхүүнээс:
-Биеийн тамирын бэлтгэл /Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтээр, насны ангиллаар/
-Цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл /онолоор болон жагсаалыг биеэр гүйцэтгэх, жагсаал удирдах ур чадвар/
-Онолын мэдлэг /Гамшгийн менежмент, Аюулгүй байдал, эрх зүйн үндэс, Эрүүл мэнд-сэтгэл зүйн, Ёс зүйн хүмүүжил, Гадаад хэл/ гэсэн 5 төрлийн хичээлүүдээс сонгон тестийн болон асуумжийн шалгалт авч, үнэлгээ өгнө.
4.3.Ахлагч бүрэлдэхүүнээс:
-Биеийн тамирын бэлтгэл /Бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтээр, насны ангиллаар/
-Цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл /онолоор болон жагсаалыг биеэр гүйцэтгэх/
-Онолын мэдлэг /Тусгай бэлтгэл, Аюулгүй байдал, эрх зүйн үндэс, Эрүүл мэнд-сэтгэл зүй, Ёс зүйн хүмүүжил, Гадаад хэл/ гэсэн 5 төрлийн хичээлүүдээс сонгон тестийн болон асуумжийн шалгалт авч, үнэлгээ өгнө.
4.4.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг тоон болон үсгэн үнэлгээгээр дараах байдлаар дүгнэнэ.
-90-100 оноо А буюу “Маш сайн” үнэлгээ
-80-89 оноо В буюу “Сайн” үнэлгээ
-70-79 оноо С буюу “Хангалттай” үнэлгээ
-60-69 оноо D буюу “Дутагдалтай” үнэлгээ
-50-59 оноо F буюу “Хангалтгүй” үнэлгээ бөгөөд дараах утгыг илэрхийлнэ.
“А”-Мэдлэг, дадлага, ур чадварын түвшингийн дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн сэдэв, агуулгыг бүрэн ойлгосон, цэргийн хэргийн өргөн мэдлэгтэй, эзэмшсэн мэдлэгээ шаардлагатай үед хэрэглэх дадлага, ур чадварыг бүрэн эзэмшсэн, бие бялдрын бэлтгэлжилт шаардлагын түвшингээс өндөр болохыг илэрхийлнэ.
“В”-Мэдлэг, дадлага, ур чадварын түвшин нь дундаж түвшингээс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн сэдэв, агуулгыг сайн ойлгосон боловч практикт хэрэглэх үедээ бага зэрэг алдаа гаргасан, цэргийн хэргийн тодорхой мэдлэгтэй, бие бялдрын бэлтгэлжилт шаардлагын түвшинд байгаа болохыг илэрхийлнэ.
“С”-Мэдлэг, дадлага, ур чадварын түвшин нь дундаж амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн сэдэв, агуулгыг дундаж түвшинд ойлгосон, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхдээ алдаа, дутагдал гаргасан, бие бялдрын бэлтгэлжилт шаардлагын түвшингээс бага болохыг илэрхийлнэ.
“D”-Мэдлэг, дадлага, ур чадварын түвшин дундаж түвшингээс доогуур амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн сэдэв, агуулгыг дутуу ойлгосон, эзэмшсэн мэдлэгээ шаардлагатай үед хэрэглэх дадлага, чадвар дутмаг, бие бялдрын бэлтгэлжилт шаардлагын түвшингээс нэлээд доогуур болохыг илэрхийлнэ.
“F” – Мэдлэг, дадлага, ур чадварын түвшин нь хангалтгүй болохыг илтгэх дүн. Тухайн хичээлийн сэдэв, агуулгыг ойлгоогүй, эзэмшсэн мэдлэгээ шаардлагатай үед хэрэглэх дадлага, чадвар эзэмшээгүй, бие бялдрын бэлтгэлжилт шаардлагын түвшинг хангахгүй байгааг илэрхийлнэ.
4.5.Хүн нэг бүрийг “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”-д заасан хичээлүүдээс сонгон тухайн сургуулийн жилд сургалт бэлтгэлийн стандартаар эзэмшвэл зохих агуулгын хүрээнд шалгаж, тоон болон үсгэн үнэлгээгээр дүгнэнэ. Хичээл тус бүрийн тоон дүнгийн нийлбэрийг тухайн шалгалтад хамрагдсан хичээлийн тоонд харьцуулан хүн нэг бүрийн ерөнхий үнэлгээг гаргана.
4.6.Хичээлийг үнэлэхдээ шалгагдсан хүн тус бүрийн тоон дүнгийн нийлбэрийг тухайн шалгалтад хамрагдсан хүний тоонд харьцуулан хичээлийн ерөнхий үнэлгээг гаргана.
4.7.Тухайн алба хаагчийн сурлагын ерөнхий дүнг гаргахын тулд шалгагдсан хичээл тус бүрт авсан тоон үнэлгээнүүдийг нэмж, хичээлийн тоонд хувааж гаргах бөгөөд сурлагын амжилт, чанарыг хувилж гаргана.
Тав. Шалгалтын арга, хэлбэр
5.1.Хүн нэг бүрийн мэдлэг, дадлага, чадварыг онолоор болон дадлагаар, аман, бичгийн, гүйцэтгэх гэсэн шалгалтын хэлбэрийн аль нэгээр, эсвэл тэдгээрийн хосолсон хэлбэрээр шалгаж үнэлнэ.
5.2.Онолын мэдлэгийг аман болон бичгийн шалгалтыг сонгосон асуултад амаар болон бичгээр хариулт өгөх, тест бөглөх аргаар авна.
5.3.Гүйцэтгэх шалгалтыг өгөгдсөн цагийн байдлыг богино хугацаанд боловсруулж зурагт оруулан шийдвэр гаргах, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай бэлтгэл хичээлийн мэргэжлийн норматив, жолоодлого үйлдэх зэрэг аргаар авна.
5.4.Жагсаалын бэлтгэлийн биеэр гүйцэтгүүлэх шалгалтаар хүн нэг бүрийг үнэлж дүгнэхдээ ганцаарчилсан болон салаа, бүлгээр ажиллуулан шалгаж болно.
5.5.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албаны болон гамшгийн нөхцөл байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшинг штабын дадлага, КШС-аар тодорхой цагийн байдалд үүрэг гүйцэтгэх аргаар шалгана.
Зургаа. Шалгалтын нотломж бичих, дүн гаргах
6.1.ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын шалгалтын дүнгийн талаар шалгалт дууссанаас хойш 7 хоногийн дотор нотломж бичиж, ОБЕГ-ын даргаар батлуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагад хүргүүлнэ.
6.2.Шалгалтын нотломжид дараах үндсэн асуудлуудыг тусгана. Үүнд:
-Шалгалтын зохион байгуулалт, хэрэгжүүлсэн арга хэмжээ, онцлог, шалгалт авсан хичээлүүдийн дүн, алба хаагч бүр болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын сургалтын амжилт, түүнд хийсэн үнэлэлт, дүгнэлт,
-Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын албаны болон гамшгийн цагийн байдлын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, жигдрэлтийн түвшин,
-Сургуулийн жилийн зорилго, зорилт, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,
-Сургалтын орчин нөхцөл, материаллаг баазыг бэхжүүлэх талаар хийсэн ажил, сургалт бэлтгэлээр олсон амжилт, нэвтрүүлсэн тэргүүн туршлага, менежмент, гаргасан алдаа, дутагдал, түүний шалтгаан,
-Сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлсэн байдлыг сургуулийн жилийн I үеийн болон төгсгөлийн үр дүнтэй харьцуулж, дутагдлыг арилгах арга зам, цаашид ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тусгана.
6.3.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад явагдсан ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын шалгалтын дүнг нэгтгэн Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ОБЕГ-ын даргын тушаалаар баталгаажуулна.
6.4.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн шалгалтын дүнг нэгтгэн, шалгалтыг явуулсанаас хойш 14 хоногийн дотор ГУСГ-т ирүүлнэ.
6.5.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд хийсэн хяналт шалгалтын үр дүн, сургуулийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилт, стандартын хэрэгжилтэд ХШҮДАХ хяналт, шинжилгээ хийнэ.
Долоо. Шагнал, урамшуулал, хүлээх хариуцлага
7.1.ОБЕГ-ын даргын нэрэмжит болон хяналтын шалгалтаар “А”, “В” үнэлгээ авсан төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг шагнаж урамшуулна.
7.2.ОБЕГ-ын даргын нэрэмжит шалгалтаар “А” үнэлгээ авсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлээр манлайлагч байгууллага” гэрчилгээ гардуулна.
7.3.ОБЕГ-ын даргын нэрэмжит шалгалтаар “В” үнэлгээ авсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлээр тэргүүлэгч байгууллага” гэрчилгээ гардуулна.
7.4.Шалгалтад “D”, “F” үнэлгээ авсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлагад ОБЕГ-ын даргын тушаалаар хариуцлага тооцож, сургалт бэлтгэлийн ажлыг сайжруулах 3, 6 сарын хугацаатай үүрэг өгч, дахин ажлын хэсэг томилж шалгана.
———-оОо———-
Онцгой байдлын ерөнхий газрын даргын
2016 оны …дугаар сарын …-ны өдрийн
…дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт
2017 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН УДИРДАМЖ
Нэг. 2017 оны сургуулийн жилийн зорилго
Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг эзэмшсэн онолын мэдлэгт тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар бие бүрэлдэхүүний мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.
Хоёр. Сургуулийн жилийн зорилт
2.1.Төв, орон нутгийн анги, байгууллагуудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг бодитой үнэлж, багшлах бүрэлдэхүүний заах арга зүйг дээшлүүлнэ.
2.2.Удирдах бүрэлдэхүүний бэлтгэлийг тогтмол, чанартай зохион байгуулах замаар чадавхжуулж, албан тушаалтнуудын гамшгийн бэлэн байдлын зэргийн шат бүрт бие бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.
2.3.Сургалтыг онолын мэдлэгт тулгуурласан дадлага олгох, мөн дадлага ажил болон үүрэг гүйцэтгэх үед онолын мэдлэгийг эзэмшүүлэх хэлбэрээр тасралтгүй явуулж, түүнд тавих хяналт, үнэлгээний арга зүй, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлнэ.
Гурав. Сургалт бэлтгэлийн зохион байгуулалт
3.1.2017 оны сургуулийн жилд “Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам” болон энэхүү удирдамжийн дагуу бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулна.
3.2.“Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам” болон энэхүү удирдамжийг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нар бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай тушаал гаргана. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжүүлнэ.
3.3.Онцгой байдлын албаны сургуулийн жил нь 01 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Сургуулийн жилийн эхний хагас-I үе нь 01 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ныг хүртэл, сүүлийн хагас–II үе нь 09 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааг тус тус хамарна.
3.4.Сургуулийн жилийн эхний хагаст танхимын сургалтыг түлхүү зохион байгуулна. Сургуулийн жилийн 2 үеийн хооронд хамтарсан болон нэгдсэн дадлага, сургууль, хээрийн гаралтыг зохион явуулна.
3.5.Сургуулийн жилийн хүрээнд тухайн орон нутгийн газар зүйн байршил, цаг агаарын болон аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дадлага сургуулийн хуваарийг уян хатан зохион байгуулна.
3.6.Ой, хээрийн түймэр, үер, усны осол, бусад аюул, ослын эрсдэлийн хор уршгийг арилгах үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан сургалтын хэлбэр, хугацааг өөрчилж болно.
3.7.Сургуулийн жилийн хугацаанд дараах албан тушаалтан сургагч багшаар ажиллана. Үүнд: а.Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч
б.Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга-орлогч, штабын дарга
в.Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн
г.Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн
д.Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
е.Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч
ё.Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн
ж.Эмч-сэтгэл зүйч
з.Техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер
и.Аврах, анги, салбар, бүлгийн дарга, захирагч
й.Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч нар болно.
Түүнчлэн бүх шатны офицер бүрэлдэхүүн багшлах ур чадварыг эзэмшсэн байх шаардлага тавина.
3.8.Сургагч багш нар сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу заах хичээлийн конспектийг боловсруулан сургалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр хянуулж, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, тасгийн дарга, ангийн штабын дарга батлуулна.
3.9.Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ангийн штабын дарга, сургалт хариуцсан албан тушаалтнууд сургагч багш нарыг мэргэшүүлэх, сургалтын арга зүй, технологийг боловсронгуй болгох, албаны сургалт бэлтгэлд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг хариуцна.
3.10.Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нар сард 1 удаа нийт бүрэлдэхүүнд хичээл зааж, улиралд 1 удаа удирдах бүрэлдэхүүний штабын дадлагыг удирдан зохион байгуулна. Удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар болзошгүй аюулт үзэгдэл, ослын төрлөөр цагийн байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх, нөхцөл байдлыг даргын ажлын зурагт оруулах, шаардлагатай хүч хэрэгслийн тооцоог хийх, бүх төрлийн хангалт, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг тодорхойлох, холбооны найдвартай байдал, удирдлагын тасралтгүй байдлыг хангах зэрэг асуудлыг боловсруулахад суралцана.
3.11.Штабын дадлага, хэсэгчилсэн болон хамтарсан дадлага сургууль, хээрийн гаралтыг зохион байгуулахдаа улирал, цаг агаарын нөхцлийг тооцон, газар орон, байгууламжийг зөв сонгож, бие бүрэлдэхүүний цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангана.
3.12.Бүсийн төвүүд жилд 1 удаа тусгай төлөвлөгөө, удирдамжаар онолыг мэдлэг, туршлага солилцох, харилцан ажиллагааны дадлага, сургуулийг зохион явуулж, дүнг илтгэх хуудсаар ОБЕГ-т ирүүлнэ.
3.13.Сургуулийн жилд офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд “Гамшгийн менежмент”, “Аюулгүй байдал, эрх зүйн үндэс”, “Эрүүл мэнд-сэтгэл зүйн бэлтгэл”, “Биеийн тамирын бэлтгэл”, “Ёс зүйн хүмүүжил”, “Цэргийн хэрэг, жагсаалын бэлтгэл”, “Гадаад хэлний бэлтгэл”, “Тусгай бэлтгэл” хичээлүүдийг 7 хоногт тус бүр 1 удаа 1 цагийн багтаамжтайгаар төлөвлөнө.
3.14.Гал түймэр унтраах аврах ангиуд өдөр тутмын дадлага сургуулийг салаагаар, тархалтын сургуулийг сард 1 удаа салаагаар буюу анги 4 удаа, тактикийн сургуулийг улиралд 1 удаа зохион байгуулна. Тактикийн сургуулийг анги бие дааж болон хамтран зохион байгуулж болно.
3.15.Аврах тусгай анги өдөр тутмын дадлага сургуулийг бүлгээр, эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг сард 1 удаа салбараар, улиралд 1 удаа хамтарсан дадлага сургуулийг явуулна.
3.16.Уул уурхайн аврах анги өдөр тутмын дадлага сургуулийг бүлгээр, уурхайн нурангиас аврах ажиллагааны дадлага сургуулийг сард 1 удаа салбараар, улиралд 1 удаа хамтарсан дадлага сургуулийг явуулна.
3.17.Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, дадлага сургуулийн өмнө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгч, явцад нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг дарга, захирагчаас авч хэрэгжүүлнэ.
3.18.Сургуулийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бие бүрэлдэхүүний идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор мэргэжлийн болон спортын тэмцээн, соёл хүмүүжлийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.
3.19.Шинээр сургууль төгссөн болон иргэний байгууллагаас офицер, ахлагчийн албан тушаалд томилогдсон бүрэлдэхүүнтэй 30 хоногийн хугацаатай цэргийн хэргийн болон албан тушаалын дадлагажуулах сургалтыг газар, хэлтэс, анги, байгууллагын удирдлага, штабаас хариуцаж зохион байгуулна.
3.20.Албан үүргээс нэгээс дээш сарын хугацаагаар хөндийрсөн албан хаагчидтай нэмэлт сургалтыг, сургуулийн жилийн төгсөлтийн болон мэргэжлийн түвшин тогтоох шалгалт, ОБЕГ-ын даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг шалгалтаар “Дутагдалтай” болон “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн албан хаагчидтай давтан сургалтыг анги, байгууллагын удирдлага, штабаас тусгайлан зохион байгуулна.
Дөрөв. Онцгой байдлын ерөнхий газрын сургалт бэлтгэл
4.1.Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын сургалтын төлөвлөгөөг сургалтын асуудал хариуцсан нэгж боловсруулж сургалт эрхэлсэн дэд даргаар батлуулан, 14 хоногт 1 удаа 2 цагаар зохион байгуулна.
4.2. Сургуулийн жилийн эхэнд албан хаагчдын орос, англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, суралцагчдын хэрэгцээ болон байгууллагын бодлогоор гадаад хэлний сургалтыг гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан нэгжийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
4.3.Цэргийн хэрэг-жагсаалын бэлтгэл хичээлийг цэргийн алба, сахилга ёс зүй хариуцсан нэгжтэй хамтран сургалтын асуудал хариуцсан нэгж 14 хоногт 1 удаа, албан хаагчдын цэргийн мэргэжил, боловсролын байдал, ажилласан жилийг харгалзан ялгавартайгаар зохион байгуулна.
4.4.Биеийн тамирын бэлтгэл хичээлийг 7 хоногт 1 удаа 2 цагаар бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгалаар Аврагч спорт хороо хариуцан явуулна.
4.5.Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нар албан хаагчдыг сургалтад бүрэн хамруулж, хяналт тавьж ажиллана.
Тав. Сургалт бэлтгэлийн үнэлгээ болон сургуулийн жилийн дүн
5.1.Сургуулийн жилийн эхэнд нийт бие бүрэлдэхүүний түвшинг тодорхойлно.
5.2.Сургалт бэлтгэлийн үе бүрийн төгсгөлд буюу хагас жилийн шалгалтыг 05 дугаар сарын 25-ны дотор авч, дүнг 06 дугаар сарын 05, жилийн эцсийн төгсөлтийн шалгалтыг 12 дугаар сарын 05-ны дотор авч, дүнг 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Гамшгаас урьдчилан сэргийлэх газарт ирүүлнэ.
5.3.Танхимын сургалтаар олгосон онолын мэдлэгийг судалсан сэдвийн дагуу тест, асуумж, билет боловсруулж, сэдвийн төгсгөл бүрт авч болно.
5.4.Цэргийн хэрэг-жагсаалын бэлтгэлийг тестээр болон биеэр гүйцэтгүүлж, биеийн тамирын бэлтгэлийг бие бялдрын шалгуур үзүүлэлтийн дагуу сар бүр авч түвшин ахисан байдалд дүн шинжилгээ хийнэ.
5.5.Ахлагч бүрэлдэхүүний тусгай бэлтгэл хичээлийн ур чадварыг тактик, тархалтын сургууль дадлагын үед, офицер бүрэлдэхүүний байр зүйн зурагт цагийн байдлыг оруулж шийдвэр гаргах байдлыг Команд штабын сургууль, штабын дадлагын үеэр үнэлж дүгнэнэ.
5.6.Сургуулийн жилийн төгсгөлд сургалт бэлтгэлийн үр дүнгийн хурлыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нар удирдан зохион байгуулна.
5.7.Сургуулийн жилийн удирдамжийн дагуу зохион байгуулсан Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн дүнг 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор сургалтын асуудал хариуцсан нэгж Онцгой байдлын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
——-оОо——–